Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн ректор, профессор Ж.Батбаатар 3-р сарын 21-24 өдрүүдэд Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд томилолтоор ажиллаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцан, багш, ажилчидтай уулзалт хийлээ. Ректорын энэхүү айлчлал казах түмний уламжлалт Наурыз баярын өдрүүдтэй давхацсан нь онцлог байв. Ректор, профессор Ж.Батбаатар салбар сургуулийн хамт олны зохион байгуулсан "Наурыз-2026" баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, нийт багш, ажилчид болон оюутнуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Ажлын томилолтын хүрээнд ректор, профессор Ж.Батбаатар салбар сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нартай уулзаж, дараах асуудлуудаар чиглэл өгч, үүрэг даалгавар болголоо. Баруун бүсэд чадварлаг боловсон хүчин бэлтгэх салбар сургуулийн стратегийн үүргийг бэхжүүлж, орон нутгийн багш бэлтгэх тогтолцоог шинэ шатанд гаргах чиглэл өглөө. Мөн сургалтын орчин, лаборатори, номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн, сургуулийн ирээдүйн хөгжлийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.


