Өнөөдөр 4-р сарын хамгийн сүүлийн өдөр. Энэ сард МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүхийн дэвтэрт бичигдэхээр онцгой тэмдэглэлт үйл явдлууд болж өндөрлөлөө. Энэ сарын 17-20-ны хооронд МУБИС -ийн ректор, доктор проф. Ж.Батбаатар, МУБИС-ийн НХУС-ийн захирал доктор, проф Н.Мягмарцоож нар орон нутаг дахь салбар сургуульдаа албан айлчлал хийж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан тус сургуулийг хөгжүүлэх бодлогын талаар хамт олонтой санал бодлоо солилцож, цаашид үргэлж дэмжиж ажиллах тухайгаа мэдэгдэв.
Ректорын албан айлчлалтай холбоотой тус салбар сургуулиас төлөвлөгдсөн хэд хэдэн арга хэмжээ байсны нэг нь МУ-ын Гавьяат багш, тус салбар сургуулийг үүсгэн байгуулагч, анхны захирал Р.Акремханы нэрэмжит Бахархлын танхим байгуулж, нээлтийн үйл ажиллагааг нь ёслол төгөлдөр зохион байгуулах ажил байлаа. Танхимын нээлтийн ёслолын ажиллагаанд аймгийн болон МУБИС-ийн удирдлага, зочид төлөөлөгчид өргөнөөр оролцлоо. Энэ үеэр Р.Акремхан захиралд МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн анхны ХҮНДЭТ ДОКТОР цол олгогдож, сургуулийн түүхийн дэвтэрт нэр нь мөнхөрсөн баяртай үйл явдал болов. Энэхүү бахархлын танхимыг байгуулахад 21 сая төгрөгийн санхүүгийн хөрөнгө оруулалт хийж, бидний ажилд дэмжлэг үзүүлсэн Р.Акремхан захирлын гэр бүл, үр хүүхдүүдэд нь хамт олныхоо зүгээс гүн талархал илэрхийлье!